Олон улсын санхүү менежмент Лекц 9

Лекц – 9
Монгол Улсын валютын систем, үүсэл хөгжил
Монгол Улсын мөнгөн гүйлгээний системийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь валютын систем мөн. Улсын валютын нөөцийг бий болгох, зарцуулахтай холбогдсон валют – санхүүгийн харилцааг төрөөс зохион байгуулах, зохицуулах тогтолцоог валютын систем гэнэ. Валютын системийн үндэс нь улсын мөнгөн тэмдэгт – үндэсний валют – төгрөг юм.

            Хувьсгалын өмнөх Монгол оронд өөрийн үндэсний валютын систем байсангүй. 1924 онд Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк (Монгол банк)-ийг байгуулж, 1925 онд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд оруулж, 1930 он гэхэд гадаад худалдааны болон валютын онц эрхийг улсын гарт төвлөрүүлж чадснаар үндэсний валютын систем үүсч хөгжих болсон байна. Гэвч социализмын үеийн буюу 1930-1990 оны үеийн валютын систем нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчимд тулгуурласан, түүнд үйлчилсэн хязгаарлагдмал үйл ажиллагаа бүхий хаалттай тогтолцоотой байсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн валютын системийн үйл ажиллагаа нь зах зээлийн эдийн засгийнхаас зарчмын ялгаатай байв. Үүнд:

            1.1950 онд төгрөгийн ханшны алтны агууллагыг албан ёсоор тогтоожээ. 1990 он хүртэл төгрөгийн алтан агууллага 0,222168 грамм шижир алттай тэнцэж байв. Ингэснээр гадаад орны валюттай харьцах төгрөгийн ханшийг түүний алтан агууллагыг үндэслэн тогтоож байхаар болжээ. Гэвч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлд энэ зарчим хэрэгжиж чадаагүй байна.

            2.Гадаад орны валюттай харьцах төгрөгийн ханшийг аль нэг орны валюттай харьцуулан дээрээс хатуу тогтоон мөрдүүлж байв. Төгрөгийн гадаад валюттай харьцах хатуу тогтоосонханш 1990 оны эхээр 1:3 буюу 1 доллар 3 төгрөгтэй тэнцэж байлаа.

            3.Төгрөг нь чөлөөтэй хөрвөх чадваргүй (одоо ч төгрөг бүрэн хөрвөх чадвар байхгүй) валют байв.

            4.Төгрөгийг гадаад төлбөр тооцоонд бараг хэрэглэхгүй байв. Гадаад орнуудтай хийх худалдааны 98 хувь нь социалист орнуудад ногдож байсан бөгөөд тэдгээр улсуудаас авах болон тэдэнд гаргах барааны гадаад худалдааны гэрээний үнийг шилжих рублиэр тогтоож иржээ.

            5.Шилжих рублийн олон талын тооцоонд ороогүй зарим социалист орнуудтай хийх худалдаанд клиринг (тооцооны)-ийн валют хэрэглэж,  цөөн хэдэн капиталист улсуудтай тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцаанд доллар, швейцарийн франк зэрэг чөлөөт валютыг төлбөрийн хэрэгслэл болгон ашиглаж байжээ.

            6. Үйлдвэр аж ахуйн газрууд нь экспортод гаргасан барааны валютын орлогыг улсад заавал худалдах үүрэгтэй байв.

            7. Аж ахуйн нэгж, иргэд гадаад валютаар бие дааж худалдаа наймаа хийхийг хориглож байв. Валютын зах зээл хөгжөөгүй таван жилийн ба жилийн төлөвлөгөөний дагуу тодорхой арга хэмжээнд гадаад валютыг захиран зарцуулах, худалдаа наймаа хийх онц эрх улсын гарт байсан ажээ.

           

            Төгрөгийн гадаад орны валюттай харьцах ханшийн шинэ тогтолцоо бий болсон нь орчин үеийн валютын системийн нэг онцлог юм.

            Ингэхдээ тус улсын гадаад худалдааны зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөт валютын ханштай жишин төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтоон нийтэд зарлах болов. Хөвөх ханшийн тогтолцоонд шилжих, анх зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш нь 1 доллар = 393 төгрөг байсан. Одоогийн байдлаар манай гадаад худалдаа, төлбөр тооцоонд америкийн доллар зонхилох үүрэгтэй байгааг харгалзан төгрөгийн ам.доллартой харьцах ханшийг тогтоож, энэ үндсэн дээр бусад орны валюттай харьцах кросс ханшийг тогтоож байна.

            Монголбанкнаас тогтоосон ханшийг төсөв, гаалийн болон статистикийн мэдээ судалгаанд хэрэглэдэг. Арилжааны банк нь валютын захын эрэлт нийлүүлэлтийн хэрэгцээнд тулгуурлан валют худалдах, худалдан авах ханшийг өөрөө тогтооно.

           

            Гадаад валютын нөөцийн удирдлага нь улсын валютын системийн чухал элемент мөн. Гадаад валютын нөөц нь гадаад орнуудтай хийх төлбөрийн хөрөнгийн эх үүсвэр, төгрөгийн гадаад орны валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хангах баталгаа болохын хувьд улсын эдийн засгийн аюулгүй байдлыг харуулах нэг хэмжүүр юм. Улсын валютын нөөцөд гадаадад хадгалагдаж байгаа мөнгөжсөн алт, чөлөөт валютаар байршсан валют, гадаад орны валютын зах зээл дээр чөлөөтэй борлогдох чадвартай үнэт цаас болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үнэт зүйлсийн актив тус тус орно.

            Валютын нөөцийг цэвэр болон бохир гэж хоёр ангилна. Тухайн хугацаанд айгаа улсын валютын нийт нөөц нь энэ ангилал ёсоор бохир нөөц мөн. Харин валютын бохир нөөцөөс ОУВС-нд төлөх зээлийг хассан хэмжээ нь валютын цэвэр нөөц болно. Улсын валютын нөөц Монголбанкнаас мэдэлд байна. Улсын Их Хурлаас жил бүр улсын валютын цэвэр нөөцийн доод хэмжээг тогтооно. Монголбанк нь валютын нөөцийг зүй зохистой байршуулах замаар нэмэгдүүлэх үүрэгтэй.

            Засгийн газар нь валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах, төлбөрийн балансыг зохиож, түүний биелэлтэд хяналт тавих, гаднаас авсан зээлийг зүй зохистой ашиглах зэрэг төрийн валютын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

            Монголбанк нь улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын гүйлгээний тайлан мэдээ гаргах журмыг тогтоох, валютын гүйлгээний нэгдсэн тайлан мэдээ гаргаж, илтгэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Валютын хяналтыг хэрэгжүүлэх үндсэн байгууллага нь Монголбанк мөн. Валютын хяналтыг Улсын ерөнхий байцаагч, Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар хэрэгжүүлнэ. Валютын хяналтын Улсын ерөнхий байцаагч нь Монголбанкны ерөнхийлөгч, Улсын ахлах байцаагч нь Валютын асуудал эрхэлсэн Монголбанкны дэд ерөнхийлөгч байна. Валютын хяналтын улсын байцаагчийг Улсын ерөнхий байцаагч томилно.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт