Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт


Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт
- Эрх зүйн  хамгаалалтын зорилго, арга 
- Аргагүй хамгаалалт 
- Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл 
- Өөртөө туслах

1.       Эрх зүйн  хамгаалалтын зорилго, арга
Аливаа эрх зүйн харилцаанд оролцогч нь нийгмийн харилцаанд оролцох явцад түүний эрх, эрх чөлөө зөрчигдөх явдал элбэг тохиолдоно. Ийм нөхцөлд төрийн байгууллагын тусламжийг авч, өөрөөр хэлбэл хууль сахиулах байгууллага болох цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон захиргааны холбогдох байгууллагад мэдэгдэн эрхээ хамгаалж болно. Иргэний эрх зүйн хамгаалалтын хэлбэр болон өөрийгөө хамгаалах үйлдлүүд нь дараах гурван аргаар дамжин хэрэгжих боломжтой юм.
1.       Аргагүй хамгаалалт
2.       Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл
3.       Өөртөө туслах
Дээрх 3-н аргаар хязгаарлан өөрийгөө хамгаалах үйлдлийг ойлгох нь хангалттгүй бөгөөд эд хөрөнгөө хамгаалах зорилгоор нохой болон бусад амьтан тэжээх, дохиоллын систем ажиллуулах зэргийг өөргийгөө хамгаалах үйлдэл гэж ойлгож болно. Өөрийгөө хамгаалах үйлдлийн хүрээнд олон төрлийн хамгаалах хэрэгслийг ашиглаж болох боловч орчин тойрондоо аюул учруулах бусдын болон өөрийн эрүүл мэндэд хортой арга хэрэгсэл хэрэглэхийг хориглодог. Жишээ нь : Газар өмчлөгч эзэмшил газраа хамгаалахын тулд цахилгаан гүйдэл гүйлгэсэн өргөст төмөртэй хашаа барих гэх мэт.
2.       Аргагүй хамгаалалт
Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ. /ИХ.10.1/
Аргагүй хамгаалалтаас учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн иргэн хариуцан арилгах үүрэг хүлээхгүй. /ИХ.10.2/ Жишээ нь : Агуулахад байгаа бараагаа хадгалах үүрэг бүхий ажилтан агуулахад нь хулгайч орж байгааг нь гадагш зөөж байгааг нь хараад хулгайчийг барьж, гарыг нь хүлж цагдаагийн ажилтан ирэхийг хүлээх хооронд түүний биеийн зарим хэсэгт хөхөрсөн буюу арьс зулгарч эрүүл мэндэд нь гэм хор учирсан байвал уг ажилтан бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах үүрэх хүлээхгүй.
Аргагүй хамгаалалт нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор хийгдэж байгаа гэм хор учруулж болох үйлдэл байх ба энэ үйлдлийг хийхгүй бол амь нас, эрүүл мэнд хохирох буюу эд хөрөнгө устаж, гэмтэх, үгүй болох аюул тулгараад байгааг таслан зогсоох, хамгаалахад чиглэнэ. Хамгаалахад чиглэнсэн үйлдэл нь тухайн нөхцөл байдалд нийсцэн байх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл тортой хүнсний  зүйлийг нь аваад зугтаасны төлөө хулгайчийн амь насыг нь хохироосон байж таарахгүй.
3.       Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл
Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл, эс үйлдэхүйг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ. /ИХ.11.1/
Жишээ нь: Гал түймэр гарч А байгууллагын их хэмжээний хөрөнгө, эд зүйлс шатах аюулд орсон үед хажуугаар нь явж байсаниргэн Б нь ойр байсан бусдын өмчлөлийн усны цистернийг асааж галыг унтраасан гэж үзье. Энэ тохиолдолд уг цистернд тодорхой  хэмжээний  хохирол  учирсан байж болох юм. Бусдын өмчлөлийн зүйлийг эзнийх нь зөвшөөрөлгүй эзэмдэн авч, ашигласан, энэ явцад хохирол учирсан зэрэг нь гарцаагүй байдлын улмаас хийгдсэн үйлдэл болно.
Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг харуцан арилгах үүрэг хүлээхгүй /ИХ.11.2/. Дээрх жишээн дээр Б уг хэмжээг аваагүй бол А байгууллагын 50сая төгрөгийн эд хөрөнгө шатах байсан бөгөөд цистерны эзэнд учирсан гэм хор нь 1 сая төгрөг болсон гэж үзвэл учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага гэж үзэж уг үйлдэл хийсэн Б нь 1 сая төгрөгний хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
Учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос илт их байвал үйлдэл хийсэн этгээд хэтрүүлсэн тэр хэмжээгээр гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ. /ИХ.11.3/
36     Өөртөө туслах
Монгол Улсын Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаас байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэн авах, утсгах буюу этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдэл-ийг өөртөө туслах гэж тодорхойлсон байна. Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэмжээнээс хэтэрч болохгүй. /ИХ. 12.3/ . энэ үйлдлийг хийсэн этгээд эд юмсыг битүүмжлэх буюу үүрэг бүхий этгээдийг албадан саатуулахаар эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. /ИХ. 12.2/
Өөртөө туслах үйлдлийг эндүүрч хийсэн буюу хэр хэмжээнээс хэтрүүлсэн этгээд үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. /ИХ.12.4/

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1