Олон улсын санхүү менежмент Лекц 14


Лекц – 14
Европын Төв банк
            Европын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтын ажиллагаа, интеграчлалын үйл явц, улам гүнзгийрч байгаагийн нэг жишээ нь Европын төв банкуудын бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтсон явдал юм. Энэ систем нь Европын холбооны орнуудын төв банкууд болон Европын төв банк гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Европын холбооны орнуудын төв банкуудын систем болон Европын төв банкны дүрмийг Европын хамтын нийгэмлэгийн хууль тогтоох дээд байгууллага батласнаар эдээр олон улсын санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болжээ.
            Бүс нутгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг хамгийн залуу олон улсын санхүүгийн байгууллага нь Европын төв банк (European Central Bank) юм. Европын холбооны гишүүн орнууд 1998 оны 7 дугаар сарын 1нд Европын Төв банк (ЕТБ)-ыг байгуулжээ. Европын холбооны гишүүн, евро валютын бүсийн 12 улс, Герман, Франц, Итали, Испани, Нидерланд, Белиги, Австри, Финлянд, Португал, Ирланд, Люксембург, Грек болон евро бүсэд ордоггүй Дани, Швед, Англи нь Европын Төв банкийг үүсгэн байгуулагчид юм.  
            Тухайн орны төв банк нь улсаа төлөөлж, Европын төв банкны үйл ажиллагаанд оролцоно. Европын төв банк нь гишүүн орнуудын мөнгөний эмиссийн төв бөгөөд Франкфурт – на – Майне хотод байрлана. Европын төв банкны үндсэн зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангах замаар Европын хамтын нийгэмлэгийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
            Европын төв банк нь өөрийн үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
            -Хамтын нийгэмлэгийн валютын бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх,
            -Улс хоорондын валютын гүйлгээг зохион байгуулан хэрэгжүүлж байх,
            -Гишүүн орнуудын гадаад валютын албан ёсны нөөцийг  эзэмшиж, түүний удирдлагыг хэрэгжүүлэх,
            -Гишүүн орнуудын төлбөр, тооцооны системийн хэвийн ажиллагааг хангах,
            Европын төв банк нь өөрийн өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бие даасан үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ гишүүн орнуудын төв банкуудтай нягт хамтран ажиллагааг болно. Европын төв банк байгуулах тухай хэлэлцээр болон банкны дүрэмд банкны бие даасан, хараат бус байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгчээ. ЕТБ нт өөрт ноогдсон үүргийг хэрэгжүүлэхдээ Хамтын нийгэмлэгийн удирдах байгууллага, гишүүн орны Засгийн газраас ямарч санал хүсэлт, зөвлөмж авах ёсгүй. Нөгөө талаар Хамтын нийгэмлэг, гишүүн орны зүгээс банкны ажилд хөндлөнгөөс оролцох эрхгүй ажээ.
            ЕТБ-ны удирдлага нь Захирлуудын зөвлөл (Governing Council), Гүйцэтгэх хороо (Executive Board) , Ерөнхий зөвлөл (General Council) гэсэн 3 байгууллагаас бүрдэнэ. Банкны удирдах дээд байгууллага нь Захирлуудын зөвлөл мөн. Захирлуудын зөвлөл нь Гүйцэтгэх хорооны гишүүд болон евро бүсийн гишүүн орнуудын төв банкны захирлуудаас бүрдэнэ. Захирлуудын зөвлөл жилд 10-аас доошгүй удаа хуралдсан байх ёстой. Захирлуудын зөвлөлийн гишүүн бүр нэг санал өгөх эрхтэй байна.
            Харин банкны дүрмийн санг бүрдүүлэх, орнуудын валютын нөөцийг ЕТБ-нд шилжүүлэх, гишүүн орнуудын төв банкны валютын орлогыг хувиарлах, ЕТБ-ны ашиг, алдагдлыг хуваарилахтай холбогдсон зөвлөлийн хуралд оролцоно. Гишүүн гуравны хоёр нь хуралд хүрэлцэн ирснээр ирц бүрдсэнд тооцох ба хэлэлцсэн асуудлыг энгийн олонхийн саналаар хүчин төгөлдөр гэж тооцно. Хэлэлцсэн асуудлаар санал хураахад санал тэнцвэл Банкны ерөнхийлөгчийн санал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Захирлуудын зөвлөлийн хурлаар банкны дүрмийн сан, ашиг, алдагдал, валютын нөөцийн хуваарилалттай холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх санал хураалт явуулахдаа банкны дүрмийн санд тухайн орны төв банкны оруулсан хувь хөрөнгө – квотыг үндэслэн саналын тоог тогтооно.
            Захирлуудын зөвлөл нь Европын төв банкны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоон өгнө., шаардлагатай гэж үзвэл гол гол үзүүлэлтийн хүрсэн байх хэмжээ, лимит тогтоож болно. Мөн Захирлуудын зөвлөл нь Европын хамтын нийгэмлэгийн валютын бодлогыг тодорхойлно. Ингэхдээ зээл, хадгаламжийн хүү, Банкны нөөц зэрэг үзүүлэлтээр тодорхой хугацаанд баримтлах хувь хэмжээ, лимит тогтоон өгч болно.
            Хамтын нийгэмлэгийн орнуудын нутаг дэвсгэр дээр мөнгөн тэмдэгт еврог гүйлгээнд гаргахыг зөвшөөрөх онц эрхийг Захирлуудын зөвлөл эдэлнэ. Европын төв банк болон түүний гишүүн орнуудын төв банкнаас гүйлгээнд гаргах евро валютын дэвсгэртүүд нь Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр үйлчлэх цорын ганц төлбөрийн хэрэгслэл мөн.
            Гүйцэтгэх хороо нь Банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон дөрвөн гишүүнээс бүрдэнэ. Дөрвөн гишүүн нь орон тооны байна. Гүйцэтгэх хорооны гишүүн албан тушаал хавсрах, эсвэл өөр газар цалинтай болон цалингүй ажиллахыг зөвшөөрөхгүй. Банкны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, хорооны бусад гишүүд нь банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан дадлага, тургшлагатай, нэр хүндтэй хүмүүс байх ба тэдгээрийг холбогдох орны Засгийн газар, Европын парламентай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр Захирлуудын зөвлөлийн хурлаар 8 жилийн хугацаагаар томилно. Харин хугацааг дахин сунгахгүй.
            Гүйцэтгэх хороо нь ЕТБ-ны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулах, Захирлуудын зөвлөлөөс  баталсан валютын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах явцдаа Гүйцэтгэх хороо нь гишүүн орнуудын төв банкинд удирдамж, үүрэг өгч болно. Гүйцэтгэх хороо нь Захирлуудын зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах үүрэгтэй. Гүйцэтгэх хорооны  гишүүдийг нэг л удаа 8 жилийн хугацаагаар сонгох ба тэд нь тухайн орны Засгийн газар болон төв банкны хараа хяналт, нөлөөллөөс хамаарахгүйгээр ЕТБ - ны төлөө бие даан ажиллах үүрэгтэй. Гүйцэтгэх хороо нь банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон тус хорооны гишүүн 4 хүнээс тус тус бүрдэнэ.
            Ерөнхий зөвлөл нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Европын холбооны гишүүн орнуудын төв банкны дарга нарын бүрэлдэхүүнтэй байна.
            Банкны ерөнхийлөгч нь (түүнийг эзгүй үед дэд ерөнхийлөгч) Захирлуудын зөвлөлийнболон Гүйцэтгэх хорооны хурлыг даргалан хийлгэнэ. Мөн Ерөнхйилөгч нь Банкийг төлөөлж гуравдагч этгээдтэй харьцах эрхтэй болно.
            Энэ бүхнээс үзэхэд Европын төв банкны удирдлага нь хоёр хэсэг орнууд (евро бүсийн болон Европын холбооны гэсэн)-ыг өөртэй багтаасан хоёр шатлал бүхий тогтолцооноос бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас Ерөнхий зөвлөл, нөгөө талаас Гүйцэтгэх хороо нь евро бүсийн орнууд болон тус бүсэд ордоггүй Европын холбооны орнуудыг холбосон тогтолцоог бүрдүүлж байна.
            Европын төв банкны үйл ажиллагаа нь гишүүн орнуудын төв банктай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, төв банкуудын нэгдсэн тогтолцоо нь Европын төв банкны үйл ажиллагааны салшгүй хэсэг юм. Ийм учраас ЕТБ-наас өгсөн чиглэлийг төв банкууд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг болно.
            Гишүүн орны төв банкны хууль, эрх зүйн зарчмыг Европын төв банкнаас дүрэм болон бусад холбогдох баримт бичигтэй нийцүүлсэн байна. Тухайлбал, төв банкны даргыг 5 жилээс доошгүй хугацаагаар томилох, гэмт хэрэг үйлдсэн болон ажлын шаардлага хангах тохиолдолд ажлаас нь чөлөөлж байх нийтлэг зарчмыг банкны гишүүн улс бүрийн төв банкны хувьд адилхан мөрдөх болжээ.
            Европын төв банк нь өөрийн нэрийн өмнөөс болон гишүүн орнуудын төв банкнаас явуулах нээлттэй зах зээлийн болон зээлийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтооно. Нээлттэй зах зээлийн болон зээлийн талаар дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:
            -Үнэт цаас, валют, үнэт металл худалдах, худалдан авах гүйлгээ хийх,
            -Санхүүгийн зах зээл дээр зээл олгох, авахтай холбогдсон зээлийн гүйлгээ эрхлэх,
            -Олон улсын санхүүгийн байгууллага, банкуудтай дансны харилцаа тогтоож, валют алт, үнэт цаасны гүйлгээ эрхлэх,
            -Гуравдагч этгээдтэй банкны бүх төрлийн гүйлгээ, төлбөр тооцооны ажил эрхлэх юм.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт