Олон улсын санхүү менежмент Лекц 13
Лекц – 13
Азийн
Хөгжлийн банк
Бүс
нутгийн олон улсын санхүүгийн байгууллагын дотор Азийн хөгжлийн банк (Asian Development Bank) чухал байр эзэлжээ. НҮБ-ийн Ази, Алс дорнодын орнуудын эдийн засгийн
комиссын хүрээнд явагдсан хэлэлцээрийн үр дүнд Азийн хөгжлийн банк (АХБ) нь
1966 онд байгуулагдсан байна. Банкны төв нь Филипин улсын нийслэл Манил хотод
байрлана. 2002 оны байдлаар тус банкны гишүүнээр 61 орон элссэн байна. Азийн
хөгжлийн банк нь Европод Франкфуртэд хойт америкт Вашингтонд, Япон Токиод
өөрийн салбартай,гишүүн 20 гаруй улсад өөрийн төлөөлөгчийн газраа ажиллуулж
байна.
Тус
банкны дүрэмд банкны зорилтыг бүс нутгийн болон гишүүн орнуудын эдийн засгийн
хөгжил, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал гэж тодорхойлсон
байна. Банкны бодлогод эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, хүний хөгжил,
удирдлага менежмент, байгаль орчны хамгаалалт, хувийн секторын хөгжил бүс
нутгийн хамтын ажиллагаатай холбоо бүхий асуудлууд чухал байр эзэлдэг байна.
Энэ дагуу АХБ-ны үйл ажиллагаа нь бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын эдийн
засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд
чиглэж иржээ. Тус банкны зээлийн бодлогод дараахь салбаруудад тэргүүн зэргийн ач холбогдол өгч,
юуны өмнө зээлжүүлэх боломжийг судлахаар заасан байдаг. Үүнд:
-Хөдөө
аж ахуй: усжуулалт, хөдөөгийн район, орон нутгийн хөгжил, загасны аж ахуй:мал
аж ахуй, ойжуулалт,
-Эрчим
хүч: эрчим хүчний дэд салбарын хөгжил, байгалийн хий, нүүрс олборлолт, нефть
боловсруулах үйлдвэр болон байгалийн хий дамжуулах хоолой барьж байгуулах,
-Тээвэр,
холбоо: тэнгисийн боомт, хөлөг онгоц, авто болон төмөр зам, онгоц буудал,
телекоммуникаци,
-Дэд бүтэц: усан ханамж, эрүүл ахуй, хотын аж
ахуйн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөл, арга хэмжээ:
Азийн
хөгжлийн банкны үүрэг нь өөрийн гишүүн хөгжиж байгаа орны эдийн засаг, нийгмийн
асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд зориулж зээл олгох, төрөл
бүрийн техникийн туслалцаа үзүүлэх явдал юм..
Ази –
номхон далайн бүс нутагт өдөрт 1 ам.долларын орлоготойгоор амиа зогоон амьдарч
байгаа 900 гаруй сая хүн нэн ядуу (өдрийн орлого нь 1 ам.доллар хүрэхтэй үгүй) нөхцөлд амьдарч
байна. Үүнтэй холбогдуулан АХБ 1999 онд зээлийн бодлогоо хянан үзэж, ядуурлыг
бууруулах явдлыг өөрийн үйл ажиллагааны нэг гол чиглэл болгосон байна.
Азийн
хөгжлийн банкны удирдах дээд байгууллага нь захирлуудын зөвлөл (Board of Governors) мөн. Гишүүн орон бүр тус өөрийн улсыг төлөөлөх захирал, түүнийг орлогчийг
томилно. Захирлуудын зөвлөлийн жилийн хурал жилд нэг удаа болж, банкны тайланг
хэлэлцэх, дүрэмд өөрчлөлт оруулах, шинээр гишүүн элсүүлэх, Банкны ерөнхийлөгч,
банкны гүйцэтгэх захирлууд, тэдний орлогчийг сонгох зэрэг асуудал хэлэлцэнэ.
Банкны
ерөнхийлөгч нь банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Ерөнхийлөгчийг 5
жилийн хугацаагаар сонгоно. Тэр нь нэг удаа улиран сонгогдож болно. Банкны
ерөнхийлөгч нь 3 дэд ерөнхийлөгчтэй байна.
Азийн
хөгжлийн банкны дүрмийн сан 43,8 млрд ам доллар ба түүний 3,1 млрд ам доллар нь
төлөгдсөн байна. Дүрмийн санд бүс нутгийн орнуудаас оруулах хувь хөрөнгө квотын
хэмжээг тогтоохдоо тухайн орны ДНБ хүн ам төсвийн зарлага экспорт зэрэг
үзүүлэлтийг харгалзан үздэг болно. Бүс нутгийн бус өндөр хөгжилтэй орнуудын
хувьд тэдгээрээс хөгжиж байгаа орнуудад үзүүлдэг тусламж олон улсын
байгууллагуудад төлдөг гишүүний татварын хэмжээг харгалзан тус банкны дүрмийн
санд оруулах хувь хөрөнгө квотыг тогтоожээ.
Азийн хөгжлийн
банкны санхүүгийн эх үүсвэр нь өөрийн хөрөнгө болох дүрмийн сан, нөөцийн сан,
болон донор орнууд, олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээлсэн хөрөнгө,
түүнчлэн тусгай зориулалтын сангуудын хөрөнгөөс тус тус бүрдэнэ.
Дүрмийн
санг бүрдүүлэхэд хамгийн их хувь хөрөнгө оруулсан улс нь Япон, АНУ юм. Банкны
дүрмийн сангийн 31,8 хувь (тус бүр 15,9 хувь) энэ хоёр улсад ногдож байна. Үүний дараагаар Хятад – 6,5 хувь, Энэтхэг-
6,4 хувь, Канад-5,3 хувь, Солонгос- 5,1 хувь, Герман-4,4 хувь гэх мэт улс орж байна.
Монгол улс тус банкны дүрмийн сангийн 0,015 хувьтай тэнцэх хувь хөрөнгө
оруулсан бөгөөд 2003 оны байдлаар энэ үзүүлэлтээр 43 дугаар байранд орж байна.
Банкны дүрмийн сангийн бүрдэлийг бүс нутгийн харьяаллаар авч үзвэл 63,7 хувь нь
банкны гишүүн ази – номхон далайн бүсийн орнуудад, үлдэх 36,3 хувьөөр бүс
нутгийн улсуудад тус тус ногдож байна. Энэ бүхнээс үзэхэд Азийн хөгжлийн банкны
үйл ажиллагаа барууны өндөр хөгжилтэй орнуудын хяналтад байна. Ялангуяа АНУ,
Япон улс тус банкны бодлогыг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.
Энэхүү бодлого нь гаднын хувийн хөрөнгө оруулалтыг тус бүр нутаг руу чиглүүлэх,
бүс нутгийн байгалийн баялаг, эрдэс түүхий эдийн баазыг хөгжүүлэх чиглэлээр
гишүүн орнуудын эдийн засгийн бодлогыг уялдуулах, дэд бүтцийн хөгжлийн төсөл,
арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглэж иржээ. Мөн орон нутгийн чанартай арга
хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд банкнаас зориуд анхаарч иржээ.
Банкны гол донорууд нь барууны өндөр хөгжилтэй АНУ, Герман, Япон зэрэг орнууд,
түүнчлэн Азийн бар болох өмнөд Солонгос, Сингапур, Тайвань зэрэг улс юм.
Банкны
үйл ажиллагаа нь санхүүгийн нөөцийг төвлөрүүлж, бүс нутгийн орнуудад тодорхой
төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглэнэ. Төслийн сонголт, зээл олгох үйл
ажиллагаа нь нарийн дэг журмын дагуу хийгдэнэ. Юуны өмнө холбогдох орны зохих
байгууллагатай санал солилцож, төслийг сонгоно. Үүний дараагийн шатанд төслийн
байдлыг газар дээр нь судалж, техник эдийн засгийн үнэлгээ хийж, түүний өртгийг
тодорхойлно. Энэ үндсэн дээр зээл олгох талаар хэлэлцээр хийж, зээлийн гэрээний
төслийг боловсруулна. Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийг ашиглах
шатанд банкнаас тавих хяналтын үйл ажиллагаа эхэлнэ. Төслийн хэрэгжилтийн явцад
хяналт тавьж, үр дүнгийн талаар тайлан гаргаснаар уг төсөл хэрэгжсэн гэж үзнэ.
Азийн
хөгжлийн банк нь ердийн болон хөнгөлөлттэй гэсэн хоёр төрлийн зээл олгоно.
Банкны өөрийн болон түүнтэй адилтгах хөрөнгийн эх үүсвэр бүхиий ердийн зээлийг
тодорхой зориулалтаар, арилжааны нөхцөлөөр олгоно. Харин тусгай зориулалтын
сангаас олгох зээл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй байна. Ердийн зээлийг уг обьектын
зардлаа нөхөх байдлаас хамааруулж, 10-30 жилийн хугацаатай олгоно. Зээлийн
хүүгийн хувь хэмжээ нь дэлхийн зах зээлийн дундаж хэмжээнд тогтоогдоно. Харин
ердийн зээлийн тоо нь эхний 2-7 жилд хөнгөлөлттэй нөхцөлтэй байна.