Олон улсын санхүү менежмент Лекц 12
Лекц – 12
Европын
шинэчлэл, Хөгжлийн Банк
Европын
шинэчлэл, хөгжлийн банк (European
Bank for Reconstruction and Development - EBGD) нь
холбогдох орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1990 онд
байгуулагдсан байна. Европын шинэчлэл, хөгжлийн банк (ЕШХБ)-ны
анхны хувь нийлүүлэгч – үүсгэн байгуулагч нь дэлхийн 40 орон юм.
Монгол
улс 2000 онд тус банкны гишүүн болжээ. 2002 оны байдлаар тус банк эгнээндээ
дэлхийн 60 орныг нэгтгэсэн бүс нутгийн олон улсын санхүүгийн том байгууллага
болсон байна.
Европын
шинэчлэл, хөгжлийн банкны төв нь Лондонд байрлана. Тус банкны статус, эрх зүйн
байдлыг ЕШХБ болон Их Британи, Хойт Ирландын хооронд 1991 онд байгуулсан тусгай
хэлэлцээрээр зохицуулсан байдаг. Банк байгуулсан тухай Засгийн газар хоорондын
хэлэлцээрийн эх хувийг хадгалагч орон нь Франц юм. Гишүүн орнуудыг 4 группэд
хуваасан байдаг. Үүнд: А группэд Европын холбооны гишүүн бүх орнууд, Европын
эдийн засгийн холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк, В группэд Европ тивийн
бусад орнууд, Израиль, С группэд төв болон дорнод Европын орнууд, Д группэд
Европ тивийн бус бүх орнууд (АНУ, Канад, Монгол, Япон зэрэг) тус тус орно.
Европын
хөгжлийн банкны зорилго нь Европ тивийн хуучин социалист орнуудад үндэсний
эдийн засгаа хөгжүүлэхэд зориулж зээл олгох, улсын болон хувийн секторт төрөл
бүрийн хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлэх, баталгаа гаргах зэргээр
төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжихэд нь туслах явдал юм.
Олон улсын санхүүгийн бусад байгууллагын үйл ажиллагаанаас ялгаатай нэг онцлог нь
тус банкны зорилго эдийн засгийн төдийгүй улс төрийн өнгө аяс агуулсан явдал
юм. Тус банкны дүрэмд зааснаар банк нь өөрийн үйл ажиллагаанд олон намын
тогтолцоо, ардчилал, олон ишт үзэл баримтлал, зах зээлийн эдийн засгийн
харилцааг иш үндэс болгохоор заасан байдаг.
Банкны
дүрэмд түүний үүргийг дараахь байдлаар тодорхойлжээ:
-Өрсөлдөх
чадвар бүхий хувийн сектор, ялангуяа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг
үзүүлэх,
-Эдгээр
зорилтыг хэрэгжүүлэхэд гадны болон дотоодын хөрөнгийг дайчлах,
-Үйлдвэрлэлийн
салбар, санхүүгийн сектор болон үйлчилгээний хүрээнд хөрөнгө оруулах замаар
хувийн өмчийн харилцааг хөгжүүлэхэд туслах,
-хөрөнгийн
зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
-Байгаль
орчныг хамгаалахтай холбоотой төслүүдийг дэмжих.
Европын
шинэчлэл, хөгжлийн банк нь хувийн өмчид тулгуурласан үйлдвэр, аж ахуйг дэмжих
зорилт тавьдаг бөгөөд нийт хөрөнгийн эх үүсвэрийн 60-аас доошгүй хувийг энэ
чиглэлд зарцуулах ёстой. Ингэхдээ холбогдох орны засгийн газраас баталгаа
авахыг шаарддаггүй, зөвхөн өөрийн хйисэн судалгаа, тооцоогоор тогтоосон үр
ашгийн болон эрсдэлийн үзүүлэлтийг үндэслэн хөрөнгө оруулалт хийх эсэхээ
шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, хувийн салбарт хөрөнгө оруулалт хийхдээ ЕШХБ
нь жирийн арилжааны банкны адил ажилладаг болно. Зээлийн обьект нь хувийн фирм,
компани, хувьчлагдаж байгаа, үйлдвэр, хамтын үйлдвэр, аж ахуйн нэгж юм.
Европын
шинэчлэл, хөгжлийн банк нь бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг дэмжих,
урамшуулахад анхаарлаа хандуулдаг. Энэ чиглэлээр бүс нутгийн Засгийн газар,
бусад хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, ялангуяа хамтарсан санхүүжилт
хийх, баталгаа гаргаж өгөх зэрэг хэлбэрээр ажиллана. Тус банк үйл ажиллагаагаа
албан ёсоор 1991 оны дөрөвдүгээр сард эхэлсэн ажээ. Ингэхдээ ойрын жилүүдэд
банкны өмнө тавигдаж байгаа зорилтыг тодорхойлохоос ажлаа эхэлсэн байна. Улс
төрийн шинэ тогтолцоонд дөнгөж шилжээд байгаа орнуудад эдийн засгийн харилцааг
шинэчлэх, зах зээлийн эдийн засагт шилжихэд нь туслах, үнийн өсөлт, барааны
хангамжийн доголдлоос болж, нийгмийн эмх замбараагүй байдал гаргахаас сэргийлэх
явдал тус банкны тэргүүн зэргийн зорилт байжээ.
Мөн орон
бүрийн эдийн засгийн хөгжлийн төвшин, онцлогийг харгалзан тэдгээрийн эдийн
засагт бүтцийн өөрчлөлт хийх хөтөлбөр боловсруулахад туслах, өмчийн харилцааг
өөрчлөх, бизнесийн шинэ орчин нөхцөл бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль
орчныг хамгаалах, гаднын хөрөнгийг дайчлах нөхцөл, боломжийг дээшлүүлэх явдал
тус банкны анхаарлын төвд байсан ажээ.
Захирлуудын
зөвлөлөөр баталсан улс бүртэй хамтран ажиллах ерөнхий чиглэлийн дагуу банкны
үйл ажиллагаа явагдаж, зээлийн бодлого хэрэгжиж иржээ. Ерөнхий чиглэлд тухайн
улсын улс төрийн болон эдийн засгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргаж, энэ
үндсэн дээр банкнаас тухайн улстай хамтран ажиллах бодлогыг тодорхойлно.
Ингэхдээ тус банкнаас олгох зээл, тусламжийг улс төрийн тогтвортой байдлыг
хангах, зах зээлийн харилцаанд шилжих эрх зүйн болон эдийн засгийн нөхцөлийг
бүрдүүлэх талаар тухайн орны зүгээс хийж гүйцэтгэх ажлын явцтай холбон авч
үздэг байна. Тус банкны олон талт үйл ажиллагааны нэг нь үндэсний боловсон
хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэхэд орнуудад техникийн туслалцаа үзүүлэх явдал
юм. Төрийн захиргааны боловсон хүчнээс авахуулаад банкны хэрэгжүүлэх тодорхой
төсөл дээр ажиллах мэргэжилтнийг бэлтгэх сургалт явуулах бааз бий болгосон
байна.
Тус
банкны санаачлагаар ЕШХБ, ОУВС, Дэлхийн банк, Олон улсын төлбөр тооцооны банк,
Европын холбооны хамтарсан санхүүжилтээр 1992 онд Австрид Венын хамтарсан
институт байгуулж, хуучин социалист орнуудын боловсон хүчнийг сургах, давтан
бэлтгэх болсон байна.
Европын
шинэчлэл, хөгжлийн банкны удирдах дээд байгууллага нь гишүүн орон бүрийн
сангийн сайд эсвэл төв банкны дарга бүрэлдэхүүнд нь орсон захирлуудын зөвлөл
мөн. Захирлуудын зөвлөлийн даргыг жил бүр сонгоно. Банкинд шинэ гишүүн орон
элсүүлэх, гишүүнээс гаргах, Банк байгуулсан хэлэлцээрт өөрчлөлт оруулах, банкны
гүйцэтгэх захирлууд болон Ерөнхийлөгчийг сонгох, гүйцэтгэх захирлууд,
тэдгээрийн орлогчид болон Ерөнхийлөгчийг шагнаж урамшуулах, Банкны дүрмийн
сангийн хэмжээг өөрчлөх, Банкны удирдлагад олон улсын гэрээ, хэлэлцээр
байгуулах эрх олгох, Банкны баланс болон ашгийн хувиарлалтыг батлах зэрэг
асуудал Захирлуудын зөвлөлийн хурлын онцгой бүрэн эрх байхаар тус банкны дүрэмд
заасан байна. Захирлуудын зөвлөлийн хурал жилд нэгээс доошгүй удаа болно.
Хурлаар хэлэлцэж байгаа ихэнх асуудлын шийдвэрийг гол төлөв олонхийн саналаар
батална. Гэхдээ онцгой ач холбогдолтой гэж үзсэн асуудлыг дийлэнх олонхийн буюу
нийт саналын 85 хувиар шийдвэрлэж байхаар дүрэмд заасан бий.
Банкны
өдөр тутмын үйл ажиллагааг хангах үүрэгтэй гүйцэтгэх засаглалын байгууллага нь
гүйцэтгэх захирлуудын зөвлөл мөн. Гүйцэтгэх захирлуудын зөвлөл 23 хүний
бүрэлдэхүүнтэй байна. Үүний 11 гүйцэтгэх захирлыг А группийн орнуудаас, бусад
12 захирлыг В, С, Д группээс тус бүр 4 захирал сонгох замааар бүрдүүлнэ.
Гүйцэтгэх захирал болон түүний орлогч нь нэг орноос байж болохгүй. Гүйцэтгэх
захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд шалган байцаах комисс, санхүүгийн хороо,
хөдөлмөр, цалин хөлсний болон захиргааны хороо орно.
Банкны
захирлуудын зөвлөлийн хурал орох материалыг бэлтгэх, банкны үйл ажиллагааны
чиглэлийг тодорхойлох, банкны төсвийг батлах, банкны өдөр тутмын ажлыг
хэрэгжүүлэх явдал Банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн эрх хэмжээнд хамаарна.
Гүйцэтгэх захирлуудыг 3 жилийн хугацаагаар сонгоно. Хурлаар хэлэлцэх асуудлыг
олохын саналаар шийдвэрлэнэ. Гэхдээ зарим асуудлыг дийлэнх олонхын саналаар
шийдвэрлэх ёстой. Саналын тоо нь түүний төлөөлж байгаа орнуудаас банкны дүрмийн
санд оруулсан хувь хөрөнгө – квотоос шууд хамаарна.
Банкны
ерөнхийлөгчийг тус банкны удирдах дээд байгууллага болох захирлуудын зөвлөлийн
хурлаас 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь тус банкны албан ёсны
төлөөлөгч бөгөөд банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлийг удирдана. Гүйцэтгэх
захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал хураахад
Ерөнхийлөгч оролцохгүй, харин санал тэнцсэн нөхцөлд түүний санал шийдвэрлэх
үүрэг гүйцэтгэнэ.
Монгол
улс тус банкны гишүүнээр элсээд удаагүй байгаа тул одоогоор Европын шинэчлэл,
хөгжлийн банк манай улсыг судалж, хамтран ажиллах чиглэлээ тогтоох шатанд
хамтын ажиллагаатай байна гэж хэлж болно. Манай улсын хувьд дэд бүтцийг
хөгжүүлэх, санхүүгийн секторын ажиллах чадварыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр тус
банкны дэмжлэгийг авах боломж бий.