Лекц – 11 Олон Улсын Төлбөр Тооцооны Банк
Лекц – 11
Олон Улсын Төлбөр Тооцооны Банк
Олон улсын валют – санхүүгийн байгууллагын хүрээнд Олон улсын төлбөр тооцооны банк (Bank for International Settlement - BIS) чухал байр эзэлдэг болно. Тус банк нь дэлхийн анхны олон улсын санхүүгийн байгууллага юм. Белиги, Их Британи, Герман, Итали, Франц, Япон улсын Засгийн газар хоорондын (түүхэнд Гаагын хэлэлцээр гэж нэрлэсэн) хэлэлцээр болон эдгээр орнуудаас Швейцарьтай тохиролцсон конвенцийн дагуу 1930 онд Олон улсын төлбөр тооцооны банк (ОУТТБ)-ыг байгуулжээ. Тус банкны төв нь Швейцарийн Базель хотод байрлана. Тус банкны төлөөлөгчийн газар Гонконг Мексикт ажиллаж байна.
Банкны дүрмийн санг бүрдүүлж үүсгэн байгуулагчид нь эдгээр орнуудын төв банк юм. Хэдийгээр Швейцарыг байрладаг боловч тус банк нь тухайн орны банкны хууль тогтоомжид захирагдахгүй. Швейцарийн Засгийн газартай байгуулсан тусгай конвенцоор ОУТТБ-ны эрх зүйн байдлыг зохицуулсан ажээ. 1931-1932 онд ОУТТБ-ыг байгуулсан хэлэлцээрт 19 орны төв банк нэгдсэн байжээ. Одоо дэлхийн 50 орны төв банк, түүний дотор Австрали, ЕАБНУ, Малайз, Румын, ОХУ зэрэг орны төв банк тус банкны гишүүн болсон байна. Мөн Европын Төв банк тус банкны гишүүн юм.
Тус банкны зорилго нь төв банкуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдний хоорондын төлбөрийг гүйцэтгэх явдал юм. Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн эхний жилүүдэд тус банкны гол зорилго нь дэлхийн 2 дугаар дайнд нэрвэгдсэн болон нутаг буцсан Германы хүмүүстэй хийх тооцоог гүйцэтгэх, дайны өрийн төлбөрийг барагдуулах явдал байжээ.
Зохион байгуулалтын бүтцийн хувьд ОУТТБ нь хувь хөрөнгө нийлүүлэн байгуулсан олон улсын санхүүгийн байгууллага мөн. Банкны дүрмийн санг 1,5 млрд алтан франкаар тогтоосон. Банкны төлбөр, тооцооны нэгж нь 0,290 рамм цэвэр алтны агууллагатай франк юм. Төлбөрийн энэ нэгжийг анх 1799 онд Францад нэвтрүүлж, хожим нь 1865 оноос Швейцарь зэрэг франкийн бүсийн орнуудад хэрэглэх болсон түүхтэй билээ.
Одоо тус банкны ам.доллароор илэрхийлсэн актив, пассивыг алтан франкт шилжүүлэхэд нэг унц алтыг 208 ам.доллартой (1 алтан франк = 1.94149 ам.доллар) тэнцэж ханшийг хэрэглэж байна. Бусад орны валютын хувьд тэдгээрийн доллартай харьцах ханшыг төлбөрийн тооцоонд хэрэглэнэ.
Олон улсын төлбөр тооцооны банкны удирдах байгууллагууд нь хувь нийлүүлэгчдийн удирдлагын зөвлөлийн жилийн хуралдаан, захирлуудын зөвлөл болон ерөнхий хороо юм. Банкны хувь нийлүүлэгчдийн жилийн хуралдаанаар банкны тайланг батална. Гол асуудлыг санал хурааж шийдвэрлэх ба түүнд зөвхөн төв банкны төлөөлөгч санал өгнө. Саналын тоо банкны дүрмийн санд тухайн орны оруулсан хувь хөрөнгө – квотын хэмжээнээс шууд хамаарна. Захирлуудын зөвлөлөөр гол асуудлыг шийдвэрлэдэг ба түүний бүрэлдэхүүнд тус банкыг үүсгэн байгуулагч орнууд болон дүрмийн санд ихээхэн оруулсан 13 орны төв банкны дарга нар ордог болно. Тус банкны гишүүн бусад орнуудын оролцоо нь жилийн ногдол ашгаа авах, харилцагчийн хувьд төлбөр тооцоогоо гүйцэтгүүлэх хэмжээгээр хязгаарлагдмал байна.
Олон улсын төлбөр тооцооны банк нь гишүүн орнуудын төв банкны банк юм. Тус банк нь өөрийн дүрмийн дагуу хоёр үндсэн үүрэг гүйцэтгэнэ:
-Гишүүн орнуудын төв банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс хоорондын төлбөр тооцооны гүйлгээ хийх нөхцөлийг хангаж өгөх,
-Олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу агентлагийн үүрэг гүйцэтгэх.
Банк нь өөрийн үйл ажиллагаанд дор дурьдсан зарчмуудыг удирдлага болгоно. Үүнд:
-Валютын гүйлгээ нь холбогдох орны валютын хууль тогтоомжийн дагу хэрэгжинэ.
-Банкны өөрийн хөрөнгөөр хийгдэх валютын гүйлгээ нь захирлын зөвлөлийн шйидвэрээр зөвшөөрөгдсөн валютаар хийгдэнэ.
-Банкны төлбөрийн гүйлгээний чиглэлийг захирлын зөвлөл тогтооно.
Гишүүн орнуудын төв банк нь нэг талаар тус банкны үүсгэн байгуулагч – хувь нийлүүлэгч төдийгүй удирдагч, бас харилцагч нь мөн.